Багшаар хичээл заалгаагүй ямар ч алдар суутан, эрдэмтэн мэргэд, улс төрч байхгүй. Эрдэм номын их өргөөний эзэд, хүүхдийг ирээдүйн их үйлсэд нь бэлддэг гавьяатан бол яахын аргагүй багш. Тэд хүүхдийг хэлд орохоос нь эхлээд амьдралд хөл тавих хүртэл хэрэгтэй мэдлэг, чадварыг олгодог их ачтан. Гэтэл хүүхдийг гэрэл гэгээт ирээдүй рүү хөтлөхийн төлөө бүх сэтгэл, зүрх, цагаа зарцуулдаг тэдгээр гавьяатны өөрийнх нь амьдрал “баргар” байсаар олон жил өнгөрчээ.

Өглөө эрт гэрээс гараад, үдэш бүрэнхийд орж ирнэ. Өрөөлийн хүүхдийн төлөө гэж гүйсээр өөрийн хүүхдэдээ анхаарал тавьж чадахгүй үе олон. Гэвч энэ хөдөлмөртөө таарсан цалин авч чадахгүй байгаа нь тэднийг олон жил бухимдуулснаар багш нар тэмцэж эхэлсэн юм.

Ямар ч салбарт ажиллаж байгаа хүний туйлын зорилго бол хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, түүндээ таарсан цалин хүртэж, аж амьдралаа залгуулах юм. Гэтэл багш нарын сарын цалин тэдэнд сэтгэл ханамж өгөх нь байтугай “хоногийн хоолноос илүү гарахгүй байгаа тул” тэд өнгөрсөн наймдугаар сарын 10-нд Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороо /БШНТХ/-г байгуулжээ.

Манай улсад нийт 44.9 мянган багш ажиллаж байна гэсэн тоо 2015 оны Монгол Улсын статитистикийн эмхэтгэлд хэвлэгджээ. Үүний 6.8 мянга нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагад, 28.5 мянга нь ерөнхий боловсролын сургуульд ажилладаг аж.

Тэд сард дунджаар 535-608 мянган төгрөгийн цалин авч байгаа тухай БШНТХ-ны гишүүд хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн. Гэхдээ энэ тоо шинээр ажилд орж байгаа залуу багш нарт хамаарахгүй. Тэд ажлын эхний жилүүддээ 400 мянган орчим төгрөгийг гар дээрээ авч байгаа аж.

Цалингаасаа зээлээ төлөөд үлдсэн багахан мөнгөөр хоол ундаа залгуулахаас гадна бичгийн цаас, принтерийн хор, маркер, шохой авч байна

Багш нарын төлөөллийн хэлснээр “цалингийн зээл аваагүй багш байхгүй. Тэд бүгд цалингаасаа зээлээ төлөөд үлдсэн багахан мөнгөөр хоол ундаа залгуулахаас гадна бичгийн цаас, принтерийн хор, маркер, шохой зэрэг бичгийн хэрэгсэлд зарцуулж байна”.

Тиймээс багш нар цалингаа энэ онд багтааж 50 хувиар, цаашид үе шаттайгаар 2019 он гэхэд 1.6 сая болгож нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт тавьсан. Тэд мэргэжилтнүүдийн судалгаанд үндэслэн энэхүү тоог гаргасан гэж байгаа.

Энэхүү тэмцлийн дагуу эхний удаад Засгийн газарт шаардах бичиг хүргүүлж, дараагийн удаад тайван жагсаал хийхээ мэдэгдсэн. Эхний хоёр арга хэмжээг Засгийн газрын зүгээс “тоогоогүй” учир тэд тэмцлээ дараагийн шатанд гаргасан нь нь ажил хаялт байлаа.

Өнгөрсөн хугацаанд БЦНТХ, Үйлдвэрчний эвлэл болон БСШУСЯ гэсэн гурван тал тохиролцож чадаагүйн улмаас багш нар гурван ч удаа ажил хаяв. Багш нарын зүгээс цалин нэмэгдүүлэх талаарх анхны шаардлагадаа бат зогсож байна.

Харин яамны зүгээс багш нарын цалинг нэмэх боломжгүй, гэхдээ урамшуулал олгож болно гэсэн хариуг удаа дараа өгсөн. Энэ нь, хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, ОУВС-тай байгуулсан гэрээний дагуу 2017, 2018 онд Засгийн газар төсвийн сахилга батыг сахиж, төрийн албан хаагчдын цалинг нэмж болохгүй. Хоёрдугаарт, угаас багш нарын цалинг нэмэх нөөц боломж Засгийн газарт байхгүй гэдгийг сайд Ц.Цогзолмаа учирлаж байгаа юм.

Багш нарын байр суурь:
  • Багш нар, ялангуяа цэцэрлэг болон бага ангийн багш нар ус ч уух завгүй, ачаалалтай ажилладаг.
  • Багш нар ажлаасаа эдийн засгийн шууд хамааралтай.
  • Цалингийн зээл аваагүй багш байхгүй.
  • Багшийн цалингаар хоол, хувцсаа авч дийлдэггүй.
  • Цалин бага учир ипотекийн зээлд хамрагдаж чаддаггүй.
  • Хоёроос гурван хүүхдийн их сургуулийн төлбөрийг төлдөг.
  • Дугуйлан хичээллүүлэх, дэвтэр засах ажлын урамшууллыг хассан. Гэсэн ч багш нар энэ ажлыг сэтгэлээрээ хийсээр байгаа. Түүнээс гадна дугуйлан хичээллэхгүй болсноор хүүхдүүд компьютерын тоглоомонд донтож байна.
  • Зуны амралтаар багш нар БНСУ-д хар ажил хийж байна.
БСШУСЯ-ны байр суурь:
  • Багшийн хөдөлмөрийн үнэлэмж, ачааллыг хянан судалж, багшийн ажлын чиг үүргийг шинжлэх ухааны үндэстэй тогтоож, ажлын байрны тодорхойлолтыг шинэчилнэ.
  • Мэргэжлийн зэрэгт тавигдах шаардлагыг ажилласан жилийн хугацаанаас илүүтэй ажлын үр дүн, чанараас шууд хамааралтай болгоно.
  • Бага ангийн багшийн дэвтэр засах ажлыг үнэлэмжтэй болгох
  • Хүүхдийн хөгжил, төлөвшлийг дэмжихэд чиглэгдсэн секц, дугуйлан хичээллүүлэх ажлыг санхүүжилттэй болгоно.
  • Боловсролын байгууллага хуулиар хориглоогүй үйл ажиллагаа явуулж орлого олох, зарцуулах санхүүгийн нээлттэй нөхцөл бололцоог бүрдүүлж, байгууллагын түвшинд багш, ажилтны цалин орлого нэмэгдүүлэх боломжийг өргөжүүлнэ.

Дээрх амлалтыг БСШУСЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар Нийслэлийн боловсролын газар, Аймгуудын боловсрол, соёл, урлагийн газрын дарга нарт хүргүүлсэн Багшийн цалин хөлсний шинэчлэлийн тухай албан бичигт дурдсан байдаг.

Удаа дараагийн ажил хаялтын улмаас цалин нэмэх тухай асуудал зөвхөн багш, яамын хоорондын бус нийгмийн шинжтэй болон хувирсан.

Удаа дараагийн ажил хаялтын улмаас цалин нэмэх тухай асуудал зөвхөн багш, яамын хоорондын бус нийгмийн шинжтэй болон хувирсан. Хүүхдүүд цэцэрлэг, сургуульд явж чадаагүйн улмаас эцэг эхчүүдэд дарамт, бухимдал үүсч байлаа.

Тэднээс гадна энэ асуудалд бухимдаж буй олон хүмүүс байгаа нь хувийн хэвшлийнхэн юм.  Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар “Төр бол 183 мянган хүний ажил олгогч.

Эдгээр иргэдийн цалинг нэмэх шаардлагыг шийдвэрлэхээр сууж байна. Нөгөөтэйгүүр МҮЭХ бол зөвхөн төрийн албан хаагч бус хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллаж буй иргэдийн эрх ашгийг ч хамгаалдаг. Хувийн эмнэлэг, сургуульд нийт 42 мянган багш, эмч ажиллаж байгаа. Эдгээр хүмүүсийн цалин хөлсийг нэмэх боломж хувийн хэвшилд тун хомс. Тиймээс асуудлыг хоёр талаас нь авч үзэхгүй бол хувийн хэвшлийн байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоох эрсдэлтэй. Тиймээс гурван тал харилцан ойлголцож, нэг нэгнээ хүндэтгэн, улс орныхоо эдийн засгийн бололцоонд тулгуурлан энэ асуудлыг шийдвэрлэхийг уриалж байна” гэж хэлсэн байдаг.

Ямартай ч багш нарын тэмцлийн үр дүнд Ерөнхийлөгч Х.Баттулга болон ЕТГ-аас Монгол улсын боловсролын салбарт бүхэлд нь системийн шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулахаар болсон байна.

Ажлын хэсэгт:

  • - Академич, Монгол Улсын Гавьяат хуульч С.Нарангэрэл (Боловсролын хууль)
  • - Ардын багш Ш.Чоймаа (Монгол үндэсний уламжлалт боловсрол)
  • - Академич Б.Жадамбаа (Багшийн хөгжил)
  • - Академич Н.Бэгз (Боловсролын философи)
  • - Ц.Отгонбагана (Боловсролын удирдлага)
  • - Монгол Улсын Гавьяат багш Е.Цэндсурэн (Бага, дунд боловсролын удирдлага)
  • - МУИС-ийн багш, доктор, профессор В.Батцэнгэл (Их, дээд сургуулийн төлөөлөл)
  • - Доктор н.Лувсанвандан (МСҮТ-ийн төлөөлөл)
  • - Доктор, профессор н.Батдэлгэр (СЕБ-ийн төлөөлөл)
  • - Доктор н.Галбадрах (Хувийн өмчит сургуулийн төлөөлөл)
  • - Доктор Д.Заяабаатар (Монгол судлал)
  • - Я.Хишигсурэн, Ч.Чулуунчимэг (Бизнес, эцэг эхийн төлөөлөл) нар орохоор болжээ.

Одоогийн байдлаар Үйлдвэрчний эвлэл болон холбогдох яамд цалин нэмэх талаар хэлэлцээрийн ширээний ард ярилцаж байна. Хэлэлцээрийн үр дүнд ямар шийдвэр гарах нь удахгүй тодорхой болно.

Эргэн сануулахад, БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа “Хүүхдийн эрх ашгийг хохироож байгаа хүмүүст арга хэмжээ авч, ажилгүй багш нарыг ажлаар хангана” гэж нэгэнтээ мэдэгдэж байв. Гэхдээ цалин бол өрсөлдөөнийг бий болгодог гол хүчин зүйлийн нэг. Гэтэл олон жил ажилласан багш ч улсын дунджаас доогуур хэмжээний цалин авч байгаа энэ салбарт хүүхдийн төлөө чин сэтгэлтэй, багш мэргэжилдээ хайртай хүн л ажиллах болов уу.

2016 оны дөрөвдүгээр улирлын байдлаар улсын дундаж цалин 942.9 мянган төгрөг байна. Харин багш нарын бодит цалин орон нутагт 490-844 мянга, хотод 487-823 мянган төгрөг байгааг БСШУСЯ-ны өмнөх сайд Г.Чулуунбаатар хэлсэн юм.

Боловсролын салбарт цалин өндөр байх тусам уг ажлын байранд өндөр мэдлэгтэй, ур чадвартай багш нарын өрсөлдөөн бий болж, үүний үр дүнд боловсролын чанар дээшилж, өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөл боломж бүрдэнэ гэж СЭЗДС-ийн ХМСТ-ийн багш, магистр Г.Авирмэд, Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Нурбек нар бичжээ.

Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоолд зааснаар Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг дараах байдлаар тогтоожээ.

 

Цалингийн сүлжээний шатлал

Албан тушаалын зэрэглэл (сард төгрөгөөр)

ТҮБД-1

ТҮБД-2

ТҮБД-3

ТҮБД-4

ТҮБД-5

ТҮБД-6

ТҮБД-7

ТҮБД-8

1

416521

446857

496912

535286

556393

622878

673849

718985

2

419582

450224

500784

539547

560865

628022

679507

725044

3

427360

458780

510623

550369

572230

641091

693884

740341

4

447091

480485

535584

577826

601059

674244

713968

-

5

469105

504699

563430

608457

633221

711230

734053

-

Үүний зэрэгцээ багш нар үндсэн цалингаас гадна олон төрлийн нэмэгдэл авах талаар Ажлын агуулга, бүтэц, цалин хөлс, санхүүжилтийн талаар засгийн газрын тогтоолуудад заасан байдаг. Тухайлбал,

НЭМЭГДЭЛ АЖИЛ:

Анги удирдах - Сар бүрийн үндсэн цалингийн 10 хувь

Заах аргын нэгдэл удирдах - Сар бүрийн үндсэн цалингийн 5 хувь

Кабинет удирдах - Сар бүрийн үндсэн цалингийн 5 хувь

НЭМЭГДЛҮҮД:

Багшийн мэргэжлийн зэргийн нэмэгдэл - Сар бүрийн үндсэн цалингаас зөвлөх 20 хувь, Тэргүүлэх багш 15 хувь, Заах аргач 10 хувь

Орон нутгийн нэмэгдэл - Сар бүрийн үндсэн цалингийн 8-10 хувь

Ур чадварын нэмэгдэл - Сарын үндсэн цалингийн 30 хувиас доошгүй

Тусгай сургалтын нэмэгдэл - Сарын үндсэн цалингийн 10-30 хувь

Докторын зэргийн нэмэгдэл - Сар бүрийн үндсэн цалингийн 15 хувь

УРАМШУУЛАЛ:

Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал - Сар бүр үндсэн цалингийн 10-15 хувь

Оны тэргүүний багшийн урамшуулал - 500,000 төгрөг /Аймаг, нийслэлийн оны тэргүүний багш 30 хүн жил бүр энэ урамшуулалыг авах боломжтой/

Оны тэргүүний багшийн урамшуулал - 1,000,000 төгрөг /Улсын оны тэргүүний багш таван хүн дээрх шагналтай давхардуулан жил бүр нийт 1,500,000 төгргөийн урамшууллыг авах боломжтой/

Сонгон, секц амжилттай хичээллүүлсэн сургуулийн урамшуулал - Нэг сая буюу нийт урамшууллын 20 хувийг багшид урамшуулал болгон өгнө.

ИЛҮҮ ЦАГИЙН ХӨЛС:

Илүү цагаар хичээл заасан хөлс  - Хичээл заасан 1нэгцагийн хөлсийг 1.5 дахин өсгөж олгоно.  

НЭМЭЛТ АЖЛЫН ХӨЛС:

Гүнзгийрүүлсэн сургалт явуулсантай холбогдуулан эцэг эхээс төлсөн төлбөрөөс багшид нэмэлт хөлс олгогдоно - Нийт зардлын 20 хувь.

Сургуулийн захиралтай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгуулсан нэмэлт ажлыг гүйцэтгэвэл, сургуулийн өөрийн үйл ажиллагааны орлогоос гэрээнд заасан хэмжээгээрнэмэлт хөлс авах боломжтой.

ТЭТГЭМЖ:

Тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж - Таван жил тутамд зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр

Өндөр насны тэтгэвэр тогтоолгох үеийн тэтгэмж - Багш нийслэлд 12, сум, тосгон багт 18 сарын, эмч 24 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгоно.

Дээрх журмын дагуу багш нар үндсэн цалингаас гадна 45 хувь хүртэл нэмэгдэл авах ёстой. Гэтэл бодит байдал дээр тэд ердөө 15 хувийн нэмэгдэл авч байгааг багш нар хэлж байна.

СЭЗДС-ийн ХМСТ-ийн багш, магистр Г.Авирмэд, Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Нурбек нар 2015 онд “Багшийн цалингийн өсөлт боловсролын чанарыг дээшлүүлэх нэг үндэс болох нь” судалгаа хийжээ.

2007-2013 оны хоорондох боловсролын салбарын цалингийн зардлын өсөлтийн хувийг графикаар харуулав.

Тус судалгаанаас дараах дүгнэлтийг гаргажээ:

“Сүүлийн долоон жилийн байдлаар цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлын хэмжээ 2008 онд өмнөх оноос 70 хувийн огцом өсөлттэй, 2009 онд өсөлт нь буурч 20 хувиар тус тус өсч байсан бол 2010 онд нэг хувиар буюу өсөлтгүй, 2011 онд 39 хувь, 2012 онд 77 хувиар огцом өсөлттэй гарсан бол 2013 онд өсөлт буурч есөн хувийн өсөлттэй гарсан байна.

Цалин хөлс, НДШ-ийн зардлын огцом өсөлттэй гарсан жилүүдийг авч үзвэл 2008, 2012 онуудад улс төрийн сонгууль болох онцлогтой жилүүдтэй давхардаж байна. Энэхүү онцлогтой жилүүдэд огцом өсөлттэй гарч байгаа нь олон хүчин зүйлээс шалтгаалсан, сөрөг талаас нь дүгнэхэд хүргэж байна. Багш нарын цалингийн талаар цаашлаад боловсролын чанарын талаар төрөөс баримталж буй урт хугацааны бодлого байхгүй байгааг харуулж байна гэж болохоор байна.”

Монгол Улсад нийт 768 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж, түүнд 535.1 мянган суралцагч суралцдаг. Цэцэрлэг,ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журамд “анги дүүргэлтийг бага ангид 30-35, дунд, ахлах ангид 32-35, ахлах ангийн мэргэжлийн болон сонгон судлах хичээлийн бүлэг дүүргэлтийг 25-30, харах, сонсох эрхтэний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн бүлэгт 8-12, оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн бүлэгт 10-15 хүүхэдтэй байхаар зохион байгуулна” гэж заажээ. Түүнчлэн ҮСХ-ноос гаргасан судалгаанд үзүүлснээр, ерөнхий боловсролын сургуулийн суралцагч-багшийн харьцаа улсын дунджаар 18.8 байна.

Гэхдээ бага ангийн багшийн ачаалал бусдаасаа илүү буюу улсын дунджаар нэг багшид 27.5 хүүхэд ногдож байна.

Дээрх тооноос багшийн ачаалал их биш мэт харагдаж магадгүй. Гэхдээ статистикийг гаргахдаа өндөр төлбөртэй, нэг ангидаа 10 орчим сурагчтай хувийн сургуулиудыг багтаасныг мартаж болохгүй. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг, нэг ангидаа 40-50 сурагчтай олон сургууль байна. Сурагчийн тоо нэмэгдэх тусам багш стресстэж, ядрах нь ихсэх бөгөөд үүнийг дагаад багшийн ажлын үр дүн ч буурах сөрөг талтай.

Түүнчлэн тус журамд сургууль цэцэрлэгийн багшийн долоо хоногийн ажлын цаг 40 байна. Үүний 19 цагийг хичээл заахад, бусад цагийг хичээлийн төлөвлөгөөний дагуу хөтөлбөрөө төлөвлөн боловсруулах,уг хөтөлбөрөөр хичээл заах,түүнийгээ үнэлж сайжруулах цогц үйл ажиллагааг илэрхийлэх стандартыг хэрэгжүүлэхэд зарцуулна гэж заасан байдаг.

Гэтэл энэхүү журамд дэвтэр засах цагийг оруулаагүй байна. Нэг багш өдөрт дунджаар 100 орчим дэвтэр засдаг. Өөрөөр хэлбэл тэд өдөрт дунджаар гурван цаг цалингүй хөдөлмөрлөж байна. Тиймээс дэвтэр засах ажлыг үнэлүүлэх талаар багш нар хэлж байна.

БСШУСЯ-наас төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал нарт хүргүүлсэн албан тоотдоо “ажил хаялт, замбараагүй байдал цалин нэмэх хөрөнгийг бий болгохгүй” гэж мэдэгдсэн байдаг. Тэгвэл цалин нэмэх асуудлын хажуугаар дээр дурдсан багш нарын ачааллыг бууруулах ажлыг ажлыг шуурхай хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Хүмүүс өөрийн цалинг АНУ, Япон, Өмнөд Солонгос зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишигтэй харьцуулан чамлах нь элбэг. Сэдвийн хүрээнд багшийн цалин хамгийн өндөр байдаг улс орнуудыг авч үзье. Дэлхийн хамгийн өндөр цалинтай багш нар Люксембургт амьдардаг аж. Тэдний хамгийн доод цалин жилийн 79,920 доллароос эхлээд бөгөөд дунджаар 98,910 долларын цалинтай. Тэдний араас багш нар Швейцарт жилийн 86,525 доллар; Германд 70,339 доллар, Канадад 63,508 доллар; Недерландад 56,983 долларын цалин авч байна.

Гэхдээ Монгол болон дээрх орнуудын нөхцөл байдал тэнгэр газар шиг зөрүүтэй байдагтай адилаар цалинг шууд харьцуулах нь өрөөсгөл ойлголт юм.

Харин манай улсын багш нарын дунджаар 535-608 мянган төгрөг буюу жилд 2,623-3,000 долларын цалин авдаг.

Дээрх тооноос харахад Бенинийг эс тооцвол манайхтай ижил хэмжээтэй эдийн засагтай орнуудын багш нар илүү цалин авч байгаа нь харагдаж байна.

Холбогдох яамдаас гаргасан ажлын хэсгээс:

  1. Цэцэрлэг, сургуулийн 2017 онд батлагдсан төсвөөс хэмнэгдсэн, зарцуулагдаагүй үлдэгдлийг багш, бусад албан хаагчдын цалин хөлсөнд зарцуулах шийдвэр гаргах эрхийг цэцэрлэг, сургуулийн удирдлагуудад олгох;
  2. Багш, бусад албан хаагчдын дөрөвдүгээр улирлын үр дүнгийн урамшлыг хүн бүрт үндсэн цалингийн 36 хувьтай тэнцэх хэмжээтэй ногдохоор тооцож, олгуулах бололцоог хангах;
  3. 2018 оны нэгдүгээр сараас эхлэн улирлын үр дүнгийн урамшлын хувь хэмжээг 20 хүртэл хувь болгож нэмэгдүүлэх; түүнийг багш, бусад албан хаагч бүрд адил тэгш, сар бүр олгох зэрэг 11 нөхцлийг сайжруулах боломж байна гэсэн дүгнэлт гаргасан.

Гэсэн ч энэхүү санал нь багш нарын хүлээлттэй нийцэхгүй байгаа тул талууд тохиролцоонд хүрч чадаагүй билээ. Үүний улмаас Үйлдвэрчний эвлэл, БСШУСЯ болон бусад яамд хэлэлцээрийн ширээний ард дахин суусан юм. Асуудлыг хэрхэн шийдэх нь удахгүй тодорхой болно. Төр засаг хүн ардын аж амьдралыг харгалзаж, талууд харилцан шийдвэр гаргахыг хүсье.